Түүхэн замнал
Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг нь Монголын олон нийт, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын зүтгэлтнүүдийн санаачилга, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд Монгол, Хятадын ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн үйл ажиллагаатай байгууллага юм.
1958он Нийгэмлэг байгуулагдав
1958
1958 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 286 дугаар тогтоолоор Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг байгуулагджээ.
Нийгэмлэг анх 65 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтын хурлаа хийж, 15 хүний бүрэлдэхүүнтэй захиргааг сонгосон байна. Анхны даргаар Д.Шарав, орлогч даргаар Ш.Нацагдорж, нарийн бичгийн даргаар Ч.Далай нар ажиллажээ.
1959он Анхны найрамдлын айлчлал
1959
БНХАУ-ын Хятад Монголын Найрамдлын нийгэмлэгийн урилгаар Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн анхны төлөөлөгчид Ш.Нацагдорж, Ч.Далай, Э.Лувсандэндэв нар 1959 оны 6 дугаар сард БНХАУ-д найрамдлын айлчлал хийв.
Мөн БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 9 дүгээр сарын 15–30-ны өдрүүдэд Монгол, Хятадын найрамдлын 15 хоног арга хэмжээг зохион байгуулж, Хятадын талын төлөөлөгчдийг Монгол Улсад урьжээ.
1960он Нийгэмлэгийн удирдлагад өөрчлөлт оров
1960
Д.Шарав БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсонтой холбоотойгоор 1959 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар С.Лувсанг нийгэмлэгийн даргаар сонгожээ.
1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С.Лувсан ЗХУ-д суух Элчин сайдаар томилогдсоны дараа Д.Балжинням нийгэмлэгийн даргаар сонгогдов.
1962он Удирдлагын шинэ бүрэлдэхүүн
1962
1962 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болсон бүх гишүүдийн хурлаар Д.Майдар дарга, Д.Ширнэн орлогч дарга, А.Дэсээжалбуу нарийн бичгийн даргаар сонгогджээ.
1963-1968он Үйл ажиллагааны цар хүрээ хумигдав
1963-1968
1963 оноос хоёр улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор нийгэмлэгийн үйл ажиллагааны цар хүрээ багасаж, баярын цахилгаан харилцан илгээх, тогтмол хэвлэл солилцох зэрэг хэлбэрээр хязгаарлагдах болсон байна.
1963 оны 12 дугаар сард Г.Туваан нийгэмлэгийн даргаар сонгогджээ.
1968 оноос хоёр орны найрамдлын нийгэмлэгүүдийн ажил хэргийн харилцаа эрс багасаж, үйл ажиллагаа нь голчлон тэмдэглэлт ойг ёслол төдий тэмдэглэх, баярын цахилгаан солилцох хэмжээнд хүрсэн байна.
1974-1980он Соёл, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа
1974-1980
1974 онд болсон тайлант сонгуулийн хурлаар Б.Дашжамц нийгэмлэгийн даргаар сонгогджээ.
1974–1980 онд БНХАУ-ын тэмдэглэлт ой, баярын өдрүүдийг тохиолдуулан кино үзлэг, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, хэвлэлд нийтлэл гаргах, дипломат төлөөлөгчдөд зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байв.
1984он Удирдлагын шинэчлэл
1984
1984 онд нийгэмлэгийн тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар Б.Магсаржавыг даргаар, Ё.Дашдоржийг орлогч даргаар сонгожээ.
1997он Төрийн бус байгууллагын хэлбэрээр шинэчлэгдэв
1997
Монгол Улсад нийгмийн өөрчлөлт, шинэчлэл өрнөсөнтэй холбоотойгоор Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг шинэ нөхцөлд нийцүүлэн төрийн бус байгууллагын статустайгаар шинэчлэн байгуулагдав.
1997 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.Энэбишийг Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар, Н.Жанцанноров, Х.Аюурзана нарыг дэд тэргүүнээр, М.Чимидцэеэг гүйцэтгэх захирлаар томилж, Удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2002он Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн
2002
2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг нийгэмлэгийн даргаар, Х.Аюурзаныг дэд даргаар, М.Чимидцэеэг гүйцэтгэх захирлаар тус тус улируулан томилж, Удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй болгожээ.
2019он Удирдлагын шинэчлэл
2019
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулжээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар, М.Чимидцэеэ, Д.Энхтуяа нар дэд тэргүүнээр ажиллаж байна.